Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ 2018 ОНЫ ТӨСВӨӨ БАТАЛЛАА

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит IV хуралдаан /2017.12.20/ өдөр боллоо. Хуралдаанаар Дүүргийн 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай, дүүргийн 2018 оны төсөв батлах тухай, дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 97.1 хувийн саналаар Хан-Уул дүүргийн 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсвийн төсөл, дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж баталлаа.

Мөн Засаг даргын 2017 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг “Бүрэн хангалттай” гэж дүгнээд дүүргийн Газар зохион байгуулалтын 2018 оны төлөвлөгөө болон бусад холбогдох тогтоолуудыг тус тус баталлаа.

Дүүргийн 2018 оны Төсвийг хэлэлцэн, баталсантай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн ИТХ-ын дарга, Төлөөлөгчдөд талархал илэрхийлээд цаашид Төлөөлөгчдөөс гарсан санал, хүсэлтийг хуулийн хүрээнд дэмжиж, хамтарч ажиллана гэлээ. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IV хуралдаанд дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Хурлын ажлын албаны хэлтсийн дарга нар, Засаг даргын Тамгын газрын дарга болон дэргэдэх хэлтэс албадын дарга нар, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчид түүний ажлын албанаас 2017 онд зохион байгуулсан ажлын тайланг Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ж.Ичинноров танилцуулж Төлөөлөгчдийн саналыг сонслоо.