Хан-Уул
Мэдээлэл

ЗӨРЧЛИЙН БОЛОН ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ШАЛГАЛАА

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас тус дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд буюу улсын байцаагч нараас  явуулж буй зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалгалаа.
Шалгалтанд тус хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нийт 78 материал, зөрчлийн 5 хэрэг хамрагдсан бөгөөд хяналт, шалгалтаар дараахь  нийтлэг зөрчлүүд илэрчээ.
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болох улсын байцаагч нар  нь Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэж, шийтгэл оногдуулж, хуулийг илтэд буруугаар хэрэглэсэн,  Зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулдаггүй, эрх зүйн баримт бичгийг хууль  журамд  заасан  шаардлагын хэмжээнд үйлддэггүй, зөрчлийн хэргийн материалыг холбогдогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулаагүй зэрэг  Зөрчлийн тухай хууль Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  зөрчил  дутагдал    илэрсэн.
Шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил дутагдал болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, хууль хэрэглэх чадвар, зүйлчлэлийн байдалд шалгалт хийсэн  прокуроруудаас  дүгнэлт хийж үзэхэд  Хан-Уул  дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн заалтыг чанд баримталж, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдалд тохируулж, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байхаар шийдвэрлэх шаардлагатай  гэж  үзсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болох мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын холбогдох хууль тогтоомж, ялангуяа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдлэг хангалтгүй, ажилдаа хариуцлагагүй ханддагаас шууд шалтгаалан дээрх зөрчил дутагдлууд гарсан,  улсын байцаагч нарын шинэ эрх зүйн орчинд ажиллах чадвар, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сургалтуудыг зохион явуулдаггүй байдал нь мөн дээрх зөрчил, дутагдлууд гарахад нөлөөлсөн гэж дүгнэжээ.
Түүнчлэн Зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтнаас зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг зохион байгуулалт, мэргэжлийн удирдлагаар хангаж буй  байдал дутмаг, холбогдох бүртгэл хөтлөлт, дотоод хяналт шалгалт хангалтгүй, шийтгэлийн хуудас, шийтгэврийг нэгбүрчлэн хянадаггүй, эрх бүхий албан тушаалтнуудын зөрчил шалган шийдвэрлэж байгаа ажиллагаа нэг бүртэй танилцдаггүй, хуулийн заалтыг зөв хэрэглэж байгаа эсэх, гомдол, мэдээллийгхуульд заасан хугацаанд шалгаж байгаа эсэхэд хяналт тавьдаггүйн улмаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчил, дутагдал гарч, улмаар хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхол зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байна гэж   дүгнэжээ .
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар тус дүүрэг дэх  Мэргэжлийн хяналтын хэлтэст  прокурорын   шаардлага хүргүүлээд байна.