Хан-Уул
Мэдээлэл

КАРЛ ПОППЕРЫН МЭТГЭЛЦЭЭНИЙГ ХӨГЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад Карл Попперын мэтгэлцээнийг хөгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимтай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан.

Санамж бичгийн хүрээнд мэтгэлцээний дасгалжуулагч багш, мэтгэлцэгч сурагч, мэтгэлцээний шүүгч бэлтгэх сургалт зохион байгуулах, мэтгэлцээний клубүүдийг дүүргийн нийт сургуулиудад байгуулах, арга зүйн удирдлагаар хангах, мэтгэлцээний тэмцээнийг багш болон сурагчид гэсэн үндсэн 2 төрлөөр зохион байгуулах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэх юм.

Энэхүү ажлын эхлэл болох мэтгэлцээний дасгалжуулагч багш бэлтгэх сургалтыг төрийн өмчийн 16 сургуулийн багш нарт 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.

Сургалтаар мэтгэлцээний үндсэн ойлголт төрлүүд, Карл Попперын мэтгэлцээний талаарх үндсэн ойлголтуудын талаар багш нарт мэдээлэл өгсөн. Түүнчлэн мэтгэлцээний тоглолтыг шүүх шүүлтийн үндсэн аргачлал зарчмуудын талаар мэдээлэл өгч, үзүүлэх тоглолт шүүх дасгал ажилласан.

Сургалтын төгсгөлд багш нар мэтгэлцээний дадлага хийж онолын ойлголтуудаа бататгалаа. Сургалтад нийт 36 багш хамрагдсан бөгөөд 22 багш анхан шатны, 14 багш ахисан шатны сургалтад хамрагдсаныг гэрчилж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Монголын мэтгэлцээний нэгдсэн танхимын ерөнхийлөгч Б.Пүрэвсүрэн нар гэрчилгээг гардууллаа.