Хан-Уул
Мэдээлэл

“ҮЙЛДВЭРЛЭГЧ ТАНД…” СЭДЭВТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ АЯНЫ ХҮРЭЭНД СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төвөөс 2018 онд “Үйлдвэрлэгч танд…” аяныг хэрэгжүүлж байна. Үйлдвэр эрхлэгчдэд харилцан туршлага солилцон, мэргэжлийн байгууллагаас хэрэгцээт мэдээллийг авч бүтээгдэхүүн үйлчилгээг чанаржуулахад туслахаас гадна төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд аяны зорилго чиглэж байна.

“Үйлдвэрлэгч танд…” аяны нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж дүүргийн хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, сүүний чиглэлээр мал аж ахуй эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн уулзалтыг ХУД-ийн ЖДҮДтөвийн “Сургалтын танхим”-д зохион байгууллаа. Уулзалтанд энэ салбарын 20 гаруй иргэд, аж ахуйн нэгж хамрагдаж мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөө мэдээллийг газар дээр нь авч, үйлдвэрлэгчид харилцан туршлага солилцсон юм.

Үйл ажиллагааг нээн ХУД-ийн ЖДҮДТөвийн дарга Н.Дорждулам үг хэлж аяны хүрээнд бусад үйлдвэрлэлийн салбаруудад зориулсан уулзалт зөвлөгөөнийг цувралаар хийх болно гэдгийг онцолсон юм.
Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй байнгын уялдаатай ажилладаг төрийн албаны нэгжүүд бол мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, татвар зэрэг гол байгууллагууд ордог. Өнөөдрийн арга хэмжээнд дээрх байгууллагуудаас яг энэ салбарт чиглэсэн мэдээлэл зөвлөгөөг өгсөн нь өндөр үр дүнтэй уулзалт болгосон юм.

Тухайлбал ХУД-ийн Мэргэжлийн Хяналтын Хэлтсийн Хүнс Эрүүл Ахуйн Улсын байцаагч н.Баянхутаг тухайн салбарт хамааралтай гол асуудлуудыг зөвлөсөн бол Нийслэлийн Татварын Газраас Татвар Төлөгчтэй Харилцах Хэлтсийн Улсын байцаагч Э.Цэрэнням үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн татварын шинэчилсэн бодлого болон сүүний чиглэлийн татвараас чөлөөлөгдсөн тоног төхөөрөмжийн тухай мэдээллийг хүргэлээ. Харин Нийслэлийн Мал Эмнэлгийн Газрын Шинжлэгч эмч Н.Жавхлан малаас хүнд халдварладаг өвчнөөс хэрхэн сэргийлэх тухай болон сүү сүүн бүтээгдэхүүний эрүүл ахуйн тухай чухал мэдээллүүдийг өглөө.

Туршлагатай үйлдвэрлэгчдийн төлөөлөл болж Хан-Уул дүүргийн 14-р хорооны иргэн, сүү сүүн бүтээгдэхүүнээр өрхийн үйлдвэрлэл эрхлэгч О.Болдмаа өөрийн туршлагаасаа хуваалцаж ажлын арга барил, бүтээгдэхүүний онцлог, өрхийн үйлдвэрлэлийн цаашдын зорилтоо танилцуулr бүтээгдэхүүний амталгааг сонирхууллаа.

Хан-Уул дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиан Артизан Чийзмэйкерс Юнион” ХХК буюу MACU бяслагны үйлдвэр байгуулагдаж ЖДҮДТөвтэй хамтран ажиллаж байгаа. Тус байгууллагаас үйлдвэрийн танилцуулгыг хийн сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хэрхэн ханган нийлүүлэгч болох боломжтой талаар зөвлөгөө мэдээллийг өгсөн. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрээс гаргаж буй бяслагны дээжээс үйлдвэр эрхлэгчдэд танилцуулсан юм.

Үйлдвэрлэгчид мэргэжлийн байгууллагуудаас асууж тодруулах зүйлээ тухай бүрт нь асууж харилцан ярилцаж, санал бодлоо солилцон үр дүнтэй уулзалт болголоо.
“Үйлдвэрлэгч танд…” аяны дараагийн арга хэмжээ 2018.04.20-ны өдөр хүнс худалдаа үйлчилгээ, хүнс үйлдвэрлэгчдийн дунд зохион байгуулагдана.