Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛДАРТ ЭХЧҮҮДИЙН “ЭЭЖ БОЛ ЕРТӨНЦ” ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчдийн санаачлагаар хоёр дахь жилдээ Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар  “Ээж бол ертөнц” хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээг 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр  хүүхдийн дуу цангинаж, аз жаргалаар бялхаж байдаг Монголын Хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Ээж бол ертөнц” арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 16 хорооны Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар 1”,“Эхийн алдар 2” дугаар зэргийн одон гардан авч  буй ээж нар оролцсон бөгөөд тэдэнд хүндэтгэл үзүүлэхээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ИТХ-ын дарга Б.Цэрэн,  дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч дарга А.Амартүвшин, Хан-Уул дүүргийн хороодын Засаг дарга нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Ээж бол ертөнц” Эхийн алдар одон гардуулах ёслолын үйл ажиллагаанд ирсэн зочид, төлөөлөгчид, ээжүүд Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийн дуу цангинаж, аз жаргалаар бялхаж байдаг энэ сайхан өргөөнд саатаж Алдарт эхийн одонгоо хүртэхээр хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Хан-Уул дүүргийн ээжүүддээ  чин сэтгэлийн  халуун мэндчилгээ дэвшүүлье.

Анх 1925 онд ”Женевт” хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан бөгөөд 50 гаруй улс орон тэмдэглэж ирсэн.

Манай орны хувьд 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг Эх үрсийн баяр болгон 66 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зорилго нь: Эхийн алдар 1, 2 дугаар зэргийн одон гардан авч буй ээж нарыг алдаршуулах, хүндэтгэл үзүүлэх юм. Ингээд хүндэт эхчүүдээ. Та бүхний Монгол Улсдаа оруулж буй хүндтэй гавъяаг талархан сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн  “Эхийн алдар-I” одонгоор 21, “Эхийн алдар-II” одонгоор 423, нийт 444 ээж энгэртээ одон гялалзууллаа.

“Ээж бол ертөнц” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж хүндэтгэл үзүүлсэн Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй төлөөлөгчид, дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Алдарт эх”-үүд маань талархал илэрхийллээ.