Хан-Уул
Мэдээлэл

БАЙШИН, ОРОН СУУЦНЫ ТУРШИЛТЫН ТООЛЛОГО ЯВАГДАЖ ДУУСЛАА

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын хүрээнд Байшин, орон сууцны тооллогыг 2019 онд явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа билээ. Үндэсний Статистикийн хорооноос байшин орон сууцны туршилтын тооллогыг Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд 2018 оны 10-р сарын 10-16-ны хооронд зохион байгуулагдлаа.

Хан-Уул дүүргийн 15-р хорооны сонгогдсон 4 хэсгийн нутаг дэвсгэрт явуулсан бөгөөд 46 орон сууцны байшин, 3 тохилог орон сууцны мэдээллийг сууц өмчлөгчдийн холбоо, орон сууц нийтийн аж ахуйн контор болон оршин суугч айл өрхөөс мэдээллийг маягтын дагуу таблет ашиглан цуглуулж ажиллалаа.

Түүнчлэн энэ аппликейшн нь бодит цаг хугацааны /Real Time/ мониторинг болон явцын үр дүнг тооцож байгаагаараа давуу талтай. Тоологч таблет ашиглан Collector программаар асуулга авч хадгалахад өгөгдлийн сан руу илгээгдэн, өгөгдлийн сан дахь мэдээлэл тухай бүр шинэчлэгдэн тооллогын мониторинг болон үр дүнг харах боломж олгоно.

Байшин, орон сууцны туршилтын тооллогын явцад ArcGIS онлайн аппликейшныг ашиглан Статистикийн хэлтсээс тооллогын мониторингийг байнга хийж, ҮСХ-ны ахлах шинжээч З.Нямбаяраар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 10-р сарын 15-ны өдөр туршилтын тооллогын тоологч нартай хамтран байшин, орон сууцны туршилтын тооллогын мэдээлэлд хяналт тавьж, тооллого явагдаж дууслаа.