Хан-Уул
Мэдээлэл

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТУРШИЛТЫН ТООЛЛОГЫН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

“Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллого”-ыг зохион байгуулж явуулах, тооллогын ажлын зохион байгуулалтыг оновчтой болгон тооллогын асуулга, аргачлал, тооллогын нэгжийн хамрагдалт, мэдээлэл боловсруулалтын байдлыг туршиж үзэх, болзошгүй алдаа, эрсдэл, хүндрэлийг тодорхойлж ээлжит тооллогын бэлтгэлийг сайтар хангах зорилгоор 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 16-ны хооронд туршилтын тооллого явуулах юм.

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын бэлтгэл ажлын хүрээнд туршилтын тооллогыг 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 16-ны өдрүүдэд нийслэлээс сонгогдсон нэгжүүд буюу Баянзүрх дүүргийн 5-р хороо, Хан-Уул дүүргийн 15-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны нийт 12 хэсгийг хамруулан зохион байгуулан явуулах гэж байна.

Энэхүү ажлын хүрээнд ҮСХ-ны Тооллогын товчоо, НСГ-тай хамтран нийслэл, дүүргийн тооллогын комисс, түр товчоо, шалгагч, тоологч нарт зориулсан сургалтыг 01 дүгээр сарын 07-ноос 09-ний өдрүүдэд үе шаттайгаар зохион байгуулж байна.

Туршилтын тооллогод сонгогдсон нэгжийн иргэд, оршин суугчдад хандаж “Хүн ам, орон сууцны тооллого-2020” туршилтын тооллогод идэвхтэй оролцохыг уриалсан зурагт хуудас бэлтгэн гаргаж, дээрх хороодын мэдээллийн самбарт болон тухайн нутаг дэвсгэрт байршин үйл ажиллагаа явуулж буй томоохон хүнсний дэлгүүр, худалдааны төв, гудамж, талбайд хэвлэмэл зурагт хуудсыг байршуулж, мэдээлэл хүргэх, таниулах ажил хийгдэж эхлээд байна.