Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ ТЭЭВЭРЛЭДЭГ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД ТОГТМОЛ ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, газар хөлдөх, гэсэх үед авто зам, замын байгууламжийг эвдрэл гэмтлээс хамгаалах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021 оны А/125 дугаар захирамжийн дагуу дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын ачааны авто тээврийн хэрэгслийн бүх жинг “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартад заасны дагуу хязгаарлаж, тээвэрлэлийн хугацааг өглөөний 08:00 цагаас оройн 22:00 цаг хүртэл байхаар тогтоон хяналт тавьж ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэстэй хамтарч “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 стандартыг мөрдүүлэх зорилгоор том оврын ачааны тээврийн хэрэгслийн даацыг шалгах явуулын хэмжих төхөөрөмж /пүү/ ажиллуулж эхэллээ.

Тухайлбал зөвшөөрөгдөх хэмжээнээс даац хэтрүүлэн хайрга, дайрга тээвэрлэх зөрчлийг арилгуулах, жолооч нарын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулж, тогтсон цагийн хуваарийн дагуу замын хөдөлгөөнд оролцуулах юм.


Мөн даац хэтрүүлсэн, цагийн хязгаар мөрдөөгүй болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй жолоочид холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ тооцох, цаашлаад замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл арга хэмжээ авах юм.

Иймд түгээмэл тархацтай ашигт малтмал тээвэрлэж байгаа жолооч та бүхнийг тээврийн хэрэгслийнхээ даацыг хэтрүүлэлгүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, тогтоосон цагийн хуваарийн дагуу замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар