Хан-Уул
Мэдээлэл

СТАНДАРТЫН БУС, ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХАШАА, ХАЙСНУУДАА БУУЛГАЖ, ИРГЭДДЭЭ АЮУЛГҮЙ ЗОРЧИХ БОЛОМЖИЙГ БИЙ БОЛГОНО

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/177 дугаар захирамж, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2021 оны А/05 дугаар тушаалын дагуу дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/139 дүгээр захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад нэгдсэн хяналт шалгалт явуулж барилгын түр хашааны стандарт шаардлагыг хангуулах, аюултай байдал үүссэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах үүрэг бүхий 36 хүний бүрэлдэхүүнтэй дэд ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

Тухайлбал дүрэм журам, стандартыг сайжруулах, газрын гэрээнд үүрэг, хариуцлагыг илүү тодорхой болгох, хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хөндөхгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам хааж барьсан хашаа, хайсыг буулган стандартыг мөрдүүлэн ажиллах зэрэг чиглэлээр ажлын хэсэг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нөхцөл байдалтай газар дээр нь танилцан ажиллалаа. 

Дүүргийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангаагүй түр хашаа, орц гарц, явган хүний зам хаасан өргөтгөл, тоглоомын талбайн эвдрэл гэмтэл зэрэг нийт 91 зөрчилтэй байршил тогтоогдож,  56 аж ахуйн нэгж байгууллагад зөрчлийг арилгуулах шаардлага тавьж, стандартыг мөрдүүлэн ажиллахаар боллоо. 

Энэ өдөр Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн дүүргийн дэд ажлын хэсэгт “Нийтийн эрх ашгийг хамгийн түрүүнд тавих ёстой. Эхний ээлжинд иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл зэргийг буулгах арга  хэмжээ авч ажиллах чиглэл өглөө. 

Тиймээс нийгмийн хариуцлагын хүрээндээ иргэн, аж ахуйн нэгжүүд стандартын бус, хууль зөрчсөн хашаа, хайснуудаа буулгаж, иргэддээ аюулгүй зорчих боломжийг бий болгож өгөхийг уриалж байна.