Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Наадамчдын гудамж, Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц барих ажил хэвийн үргэлжилж байна.

Хан-Уул дүүргийн нутаг, Яармагийн авто замд 37.5 метр урттай нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж хойд талын гарцын үндсэн ханын хэсэг дууслаа. Үргэлжлүүлэн урд талын орц, гарц хэсгийн ухмалын ажил хийгдэж байна. Явган зорчигчдын орох, гарах хэсэг нь хоёр талдаа тус бүр 39 метр урт, 5.7 метр өндөртэй байх юм. Тус явган хүний нүхэн гарц нь битүү дээвэртэй, шилэн фасадтай байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болон дугуйт хэрэгсэлтэй иргэд зорчих боломжтой орц, гарцыг налуу зам болон шаттай хийж, бороо орсон үед усанд автахаас сэргийлсэн ус зайлуулах, шүүрүүлэх худгийг мөн суурилуулж буй юм. Тус ажлын явц 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Түүнчлэн Яармаг орчимд шинэ суурьшлын бүс бий болж, орон сууцны барилгууд нэмэгдсээр байгаа. Суурьшлаа даган сургууль цэцэрлэгийн тоо ч нэмэгдсэн байна. Нүхэн гарц байгуулж буй орчимд л гэхэд тус бүрдээ 1000 гаруй сурагчтай дөрвөн сургууль бий. Хан-Уул дүүргийн 4, 23, 24 дүгээр хорооны оршин суугчдын тоо 38 мянга гаруйд хүрч, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах шаардлага хүсэлтүүд удаа дараа ирсээр байдаг.

Дугуйт хэрэгсэл, тэргэнцэртэй иргэнд ээлтэй налуу зам бүхий уг нүхэн гарц ашиглалтад орсноор автомашин, явган хүний хөдөлгөөний огтлолцол үгүй болж, явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэлгүй болох давуу талтай.