Хан-Уул
Мэдээлэл Нэмэлт Онцлох мэдээ

Хан-Уул дүүрэг намрын мод тарилтаар Эко ойн төгөлд 4000, гэр хороололд 7000 мод тарина

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, үйлчилгээний хэлтсийн дарга Г.ТУЯАЦЭЦЭГ:

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”, дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэг 2022 оны хаврын мод тарилтаас эхлэн Айцын амны 100га талбайг ойжуулах ажлыг эхлүүлсэн. Тус ажлыг төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран 17.8 га талбайд 16,926 ширхэг мод, бут, сөөгийг тарьж, модны ургалт, арчлалт, хамгаалалтыг тогтмол хийж байна.

/2023.10.02/-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан,  БНСУ-ын Улсан хотын Нам дүүргийн Засаг даргатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, санамж бичгийн хүрээнд Нам дүүргийн төлөөлөгчид тус байршил дээр 426 ширхэг шинэс тарилаа.

 

Энэ жил Хан-Уул дүүрэг намрын мод тарилтын ажлын хүрээнд ХУД-ийн 14 дүгээр хороо Айцын амны Эко ойн төгөл, 13 дугаар хороо “Төгсөгчдийн төгөл” зэрэг байршилд нийт 4450 ширхэг мод, гэр хорооллын бүсэд 7400 гаруй мод, бут, сөөг тарихаар төлөвлөсөн. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбай, сургууль, цэцэрлэгийн гадна талбайд мод, бут, сөөг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил үе шаттай явагдана.