Тус цагдаагийн газраас Цагдаагийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6, 15.2 дахь хэсэг, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам (код-129)-д заасны дагуу “2023 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ИРГЭДЭД ТАНИЛЦУУЛАХ” арга хэмжээг тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хурлын зааланд зохион байгуулж тус тайлангийн хуралд хороодын Засаг дарга нар болон нийт 146 иргэд, оршин суугчид оролцлоо.
Тайлангийн хуралд тус цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашням, цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Батхуяг, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Галбадрах нар оролцсон.
Тус цагдаагийн газраас 2023 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн гаралт, илрүүлэлт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ, түүний биелэлт, иргэдийн оролцоо, үйл ажиллагааны үр дүнгийн талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Мөн тус тайлангийн хуралд оролцсон хороодын Засаг дарга нар, иргэд, оршин суугчдаас цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ, үйлчилгээ, чанар хүртээмж, үр дүн, цаашид олон нийтийн оролцоог түшиглэж хэрхэн ажиллах, оршин суугчдын сэтгэл ханамжийн талаар санал асуулга, судалгааг авч үнэлэлт, дүгнэлт өгч цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Дүүргийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулахаар шийдвэрлэлээ.
Тус цагдаагийн газраас гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл, сургуулийн болон иргэдийн орчинд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цагдаа олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэний журамт үүргээ биелүүлж, идэвхи санаачилага гарган цагдаагийн байгууллагатай хамтран ажилласан иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг “Манлайлагч хороо”, “Санаачилагатай хэсгийн ахлагч”, “Хариуцлага байгууллага”, “Шилдэг хүүхэд хамгаалагч”, “Нийгмийн төлөө иргэн”, “Шилдэг өсвөрийн сэргийлэгч бүлгэм”, “Онцлох сургууль” зэрэг шагналаар шагнаж “Өргөмжлөл” гардуулан урамшууллаа.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, аж ахуй нэгж байгууллагын оролцоонд тулгуурлаж, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн үйл ажиллагаатай холбоотой өнөөгийн цаг үетэй нийцүүлсэн шинэлэг ажил, санал, санаачилга гаргаж гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд үргэлж дэмжиж, хамтран ажилладаг иргэн, аж ахуй нэгж байгууллага Та бүхэндээ баярлалаа.
Улиран одож буй хуучин оноо ажил хөдөлмөрийн амжилт бүтээлээр дүүрэн үдэж, айлчлан ирж буй 2024 ондоо ажил үйлс нь өөдрөг, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ИРГЭНИЙ ОРОЛЦОО, ИРГЭДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА