Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Нийслэлийн хэмжээнд хүүхдэд электрон тамхи худалдаалахыг хориглолоо

ДЭМБ-аас хийсэн судалгаагаар Монгол Улсад өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд электрон тамхи /vape/-ны хэрэглээ нь урт хугацаанд сөргөөр нөлөөлж, эрүүл мэнд, амь насанд нь аюул, эрсдэл учруулж буй нь тогтоогджээ. Тодруулбал, электрон тамхи буюу электрон никотин дамжуулах систем нь сэтгэл түгших эмгэг, оюуны хомсдол, донтолт, уушги цоорох эмгэг зэргийг үүсгэдэг байна. Иймд өсвөр насны хүүхдийн электрон тамхины хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-Нийслэлийн Боловсролын газраас Улаанбаатар хотын есөн дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 205 сургуулийн сурагчдын дунд утаат болон электрон тамхи хэрэглээний судалгаа хийсэн. Уг судалгаагаар 8938 хүүхэд электрон тамхи хэрэглэж байгаа гэсэн дүн гарсан. Эдгээрийн 6936 буюу 77.6 хувь нь хөвгүүд, 2017 буюу 22.4 хувь нь охид байна. Мөн багш, эцэг эхчүүдээс электрон тамхины хэрэглээг хязгаарлах хүсэлтийг удаа дараа ирүүлсний дагуу дээрх захирамжийг гаргаж буй. Никотин нь өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд сөрөг нөлөөтэйгөөс гадна сэтгэл түгших эмгэг ихсэх, уушги цоорох эмгэгийн үүсгэгч болж буй судалгаа бий хэмээлээ.

Одоогийн байдлаар 111 улс электрон тамхины хэрэглээг ямар нэгэн байдлаар зохицуулж буй. Тодруулбал, 32 улс электрон тамхи худалдаалахыг хориглодог бол 79 улс электрон тамхины хэрэглээг зохицуулах нэг болон түүнээс олон хуулийн зохицуулалттай. Харин 84 улс ямар ч зохицуулалтгүй байгаа юм. Манай улсад ч мөн электрон тамхитай холбоотой эрх зүйн зохицуулалт байхгүй.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэндийн төлөө аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байж, нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлээсэй гэж хүсэж байна. Бага хэмжээний ашиг орлогын төлөө электрон тамхи худалдаалж, хүүхдүүдийн эрүүл мэндийг хохироохгүй байхыг уриалъя” гэв.

Электрон тамхи нь тусгай шингэнийг халааж, аэрозол /тоосонцор/ үүсгэн, түүгээр нь хүн амьсгалдаг. Уг цэнэглэгч шингэн нь никотин агуулсан, эсвэл агуулаагүй гэх хоёр төрөл байдаг боловч бусад нэмэлт хольц, амт оруулагч болон химийн хорт бодис агуулсан байдаг. Цэнэглэгч шингэн болон түүний найрлага нь олон төрөлтэй. Никотины хэмжээ янз бүр байхаас гадна олон төрлийн амт оруулагч, ус, пропилен гликоль, глицерин болон бусад химийн нэгдлийг агуулдаг. Түүнчлэн уг химийн нэгдэл бүхий шингэнийг халаасны дүнд үүссэн аэрозол нь зарим тохиолдолд хорт хавдар үүсгэдэг, ихээхэн хортой нэгдлүүдийг агуулсан байдаг. Төхөөрөмжийн ялгаруулж буй цахилгаан эрчим хүч, сорох хэлбэр, цэнэглэгч шингэний орц, найрлага зэрэг нь хэрэглэгчид очих никотины хэмжээг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Сүүлийн үед электрон тамхи үйлдвэрлэгчид никотины давс гэгчийг боловсруулсан бөгөөд энэ нь никотины хатуу шинж чанарыг дараад зогсохгүй хэрэглэгчдэд илүү их никотин дамжуулдаг болсон байна. Ингэснээр хүн илүү их донтдог аж.

Өсвөр насандаа электрон тамхи хэрэглэсэн хүүхэд утаат тамхинд донтох магадлал хоёр дахин нэмэгддэг байна. Хэтрүүлэн хэрэглэсэн үед толгой дүүрэх, чих шуугих, толгой эргэх, бие бүхэлдээ сульдах, дотор эвгүйрхэх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС