Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачилсан “МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИ”-ийн хичээлийн олимпиадын шилдгүүд тодорлоо

НИТХ-ын төлөөлөгч, Хан- Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн санаачилсан Математик, Физик, Химийн хичээлийн олимпиад хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Энэ жилийн тухайд шагналын санг нэмж, дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн нийт 43 сургуулийн 9120 сурагч оролцож, шилдгүүд тодорлоо.

 “Математик, Физик, Хими”-ийн хичээлийн олимпиадын шилдгүүдэд хандан  дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Бид цөөхүүлээ мөртлөө хоёр том гүрний дунд амьдардаг хүмүүс. Бид нар хоёр хөрштэйгөө хүний хүчээр өрсөлдөөд дийлэхгүй. Гэхдээ бид хүний тоогоор биш өндөр технологийг хөгжүүлж өрсөлдөх боломжтой. Ялангуяа Математик, Физик, Химийн хичээлдээ онц сайн хүүхдүүдийг олон улсын түвшинд өрсөлдөх бүтээлч Монгол иргэнийг бэлтгэхэд ач холбогдолтой тус олимпиадад амжилт гаргасан Та бүхэн арван жилийн дараа улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан, чадварлаг боловсон хүчин болсон байна гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээлээ.

Шагналыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр нар гардуулж, багш, сурагчдад амжилт хүслээ.

Математикийн төрөлд 572, Физикийн төрөлд 485, Химийн төрөлд 464 сурагч оролцсоноос шилдэг 54 сурагч, тэднийг бэлтгэсэн 35 багш нарыг алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнаж, урамшууллаа.

Нийт 54 хүүхэд шагналт байр эзэлснээс алтан медаль 1,000,000, мөнгөн медаль 750,000, хүрэл медаль 500,000, шилдэг сурагчдыг бэлтгэсэн багш нарын I байрт 500,000, II байрт 400,000, III байрт 300,000 нийт 35 багш нарыг тус тус шагнаж, урамшуулав.

Үүнээс Орчлон сургуулийн Химийн багш С.Сувданчимэгийн бэлтгэсэн зургаан сурагч шагналт байрт шалгарсан бол 52 дугаар сургуулийн Физикийн багш Ж.Энхцэцэгийн бэлтгэсэн дөрвөн сурагч шагналт байрт тус тус шалгаран, амжилт үзүүлжээ.