Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-аас нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр болон “Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” аяны талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, үерийн эрсдэлийн индексийг арифметик дунджаар тооцож, өмнө жилүүдэд хийгдэж байсан судалгааны ажлууд болон бусад холбогдох мэдээлэлд тулгуурлан тодорхойлоход нийслэлийн үерийн эрсдэлийн индекс 8.65 буюу “Маш их” түвшинд байгааг албаныхан мэдээллээ. Иймд НОБГ, нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт халиа тошинд өртсөн, шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүдэд урьдчилан сэргийлэх, цас мөсөө цэвэрлэх, шуудуу татах, далан босгох зэрэг сэрэмжлүүлэг өгч байна. Мөн шар усны үерийн эрсдэл бүхий газар зөвшөөрөлгүй суурьшсан айл өрхүүдэд нүүх мэдэгдэх хуудас хүргүүлж, шилжин суурьших бүсийг тогтоох ажлыг зохион байгуулж байгаа юм.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

-Нийслэлд шар усны үер болон уулын уруйн хавсарсан үер болох эрсдэл өндөр байна. Иймээс хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлын төлөө “Нэг хот, нэг гэр бүл” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд үүнд иргэд, албан байгууллагууд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.

Нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын 470 гаруй ажилтан, алба хаагч, 126 техник хэрэгсэлтэй гараар болон тусгай зориулалтын механизмаар 26,456.1 шоо метр суваг шуудуу татан, 7,463 тонн мөсийг зөөж, Туул, Гүнт, Ногоон нуурын далан руу тээвэрлэсэн. Түүнчлэн 500 метр шороон далан босгож, 273 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлээд байна. Есөн айл, өрх хашаандаа байх боломжгүй болж, үүнээс долоон айл өөрсдөө нүүн шилжиж, хоёр айлыг НОБГ-ын албан хаагчид нүүлгэн шилжүүлээд байна.

Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа, шар усны үерт өртөж болзошгүй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын цасаа цэвэрлэн, үерийн далан, борооны ус зайлуулах суваг шуудууг цэвэрлэн, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.