Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

Засаг захиргааны шинэчлэл хийснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулна

“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын IV хуралдаанаар “Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэл” сэдэв дор хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, НИТХ-ын төлөөлөгч, Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн Д.Гантулга, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр нар панелистаар оролцсон юм.

 

Засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд Улаанбаатарыг 20 минутын хот болгохоор зорьж байна. Энэ нь 20 минут буюу 1.6 км зайд төр, нийгмийн суурь үйлчилгээг төвөггүй авах боломжтой хот төлөвлөлтийг хэлж байгаа юм. Үүний тулд нийслэлийн 204 хороог хүн амын төвлөрөл, нийгмийн дэд бүтэц, газарзүйн байршилд үндэслэж 42 нэгж болгон шинэчлэхээр төлөвлөж буй.  Ингэснээр төрийн бүх төрлийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдэд илүү ойртоно.

Өнөөдрийн байдлаар нэг хороонд дунджаар 14 албан хаагч өдөрт 15-25 иргэнд төрийн 15 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Тэгвэл засаг захиргааны шинэчлэлийн хүрээнд 400 метр тутамд төрийн үйлчилгээний ХУРДАН системийг байршуулж, 440 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр төлөвлөөд байна.

Засаглал, хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар панелистууд дараах санал бодлыг илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан:

-Бид засаглалын талаар ярихдаа хэн, ямар шийдвэр гаргахад төвлөрөөд байдаг. Гэвч ямар үе шат, дамжлагатайгаар, хэний оролцоотойгоор шийдвэр гарч байгааг авч үздэггүй. Хотын даргаар ажиллаж байх үед хамгийн их тулгамдаж байсан асуудал нь дэд бүтцийн засаглал байсан. Дэд бүтцийн засаглалыг орхигдуулсны улмаас төлөвлөлтгүй, хяналтгүй суурин газрууд бий болсон. Үүнийг шийдвэрлэхийн тулд “Алсын хараа 2050” бодлогын баримт бичигт есөн зорилтыг тусгасан юм. Өнгөрсөн хугацаанд бид зөвхөн хумих, төвлөрөх бодлого явуулж ирсэн. Үүнээс гарахын тулд Улаанбаатар хотыг тэлэх, бүсчлэх бодлогыг явуулах ёстой. 25 км радиуст хотын нийгэм, эдийн засгийн бүх амьдрал өрнөж байгааг 50, 75 болгох хэрэгтэй.

НИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан:

-Иргэд төрийн үйлчилгээг авахаар тогшсон хамгийн эхний хаалга нь асуудлыг нь шийдэхгүй байх тохиолдолд бухимдаад байгаа юм. Төр үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг. Тиймээс төрийн хамгийн анхан шатны нэгж, иргэнд үйлчлэх хамгийн эхний хаалганы эрх чадамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хот, нийтийн аж ахуйн чиг үүрэг дүүргүүдэд шилжихэд дагаад хариуцлага сайжирсан. Энэ мэтчилэн шаардлагатай шилжилтүүдийг хийх нь зөв. Хорооны Засаг дарга иргэдэд хамгийн ойр ажилладаг учраас энэхүү шилжилт, шинэчлэлийг дэмжиж байгаа.