Хан-Уул
Мэдээлэл Онцлох мэдээ

“Иргэн-Цэргийн харилцааны өдөрлөг” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 103 жилийн ойн хүрээнд зохион байгуулах төлөвлөгөөт ажлуудын нэг  “Иргэн-цэргийн харилцааны өдөрлөг”-ийг “Хүннү молл” худалдааны төвд зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгийн үйл ажиллагааг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 032, 142, 150 дугаар ангиуд, Монгол цэргийн музей, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга,  “Хүннү Молл” ХХК-тай хамтран зохион байгуулж, Монгол цэргийн музейн нүүдлийн үзэсгэлэн, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын дуучдын тоглолт, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн  Хүндэт харуулын салааны жагсаалын үзүүлэх тоглолт, төрийн торгон цэргийн үе үеийн хувцасны түүх, Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн үүрэг гүйцэтгэх үеийн хувцас, хэрэглэл, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн тоглолт болон дүүргийн ЕБ-ын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зураг, зохион бичлэгийн уралдааны бүтээлүүдийг дэлгэж, дүүргийн иргэд, хүүхэд, залуучуудад үзүүлж, сонирхуулсан.

Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд “Монгол цэрэг” сэдэвт гар зураг, зохион бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагнал, 18 нас хүрсэн иргэдийн төлөөлөлд цэргийн үүрэгтний үнэмлэх,  дурсгалын зүйлийг тус тус гардууллаа.

“Иргэн-Цэргийн харилцааны өдөрлөг”-ийн үйл ажиллагаанд дүүргийн 500 гаруй иргэд оролцож, үзэж сонирхсон үр дүнтэй өдөрлөг болж өндөрлөлөө.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБ