Хан-Уул
Нэмэлт

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ахуйн тухай хууль зөрчсөн гэмт хэрэг өнгөрсөн онд 6.5 дахин өссөн байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдээлэл өглөө.

-Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт, эрчимтэй явагдаж буйтай холбоотойгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнтэй холбоотой дүрэм, журам зөрчигдөх, улмаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах тохиолдол их гарах болсон. Хан-Уул дүүргийн хувьд энэ төрлийн гэмт хэргийн гаралт хэр байдаг вэ?

-Хан-Уул дүүргийн хувьд Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс болон өргөжиж байгаатай холбоотой бүтээн байгуулалтын ажил их хэмжээгээр хийгдэж байна.

Нэг талаасаа бүтээн байгуулалтын ажил их хийгдэж байгаа сайн талтай боловч түүнийг дагаад барилгын компаниуд үйл ажиллагаандаа мөрдлөг болговол зохих  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнийг даган гарсан дүрэм, журмыг мөрдөөгүйгээс үүдэлтэйгээр болгоомжгүйгээр хүний амь нас, эрүүл мэндийг хохироох гэмт хэргийн гаралт нэмэгдэх болсон.

Тухайлбал: 2022 онд энэ төрлийн 14 гэмт хэрэгт хяналт тавьж ажилласан бол, 2023 онд 91 хэрэгт хяналт тавьж ажилласан нь даруй 6.5 дахин нэмэгдсэн тоон үзүүлэлттэй байна.

-Энэ төрлийн гэмт хэрэг нь 2023 онд эрс нэмэгдсэн тоон үзүүлэлт гарсан байна. Тухайлбал аль байршилд илүү их гарч байна вэ?

2023 онд хяналт тавьсан 91 хэргүүдийг судалж үзэхэд 4 дүгээр хороонд 20 хэрэг, 20 дугаар хороонд 12 хэрэг, 15 дугаар хороонд 10 хэрэг, 3 дугаар хороонд 7 хэрэг, 21 дүгээр хороонд 6 хэрэг тус тус гарсан байгаа нь бусдаасаа их байгаа.

Өөрөөр хэлбэл Нисэх, Яармаг, Төв цэнгэлдэх хүрээлэн орчим, Мишээл экспо төв орчим, мөн Туул голын хойд эрэг дагуу шинэ суурьшлын бүс бий болж барилга, байгууламж олноор баригдаж байгаатай холбоотойгоор эдгээр байршлуудад гэмт хэргийн гаралт өндөр байна гэж дүгнэсэн.

-Гэмт хэрэг ямар шалтгааны улмаас гарч байна вэ?  Хэний буруутай үйлдэл нөлөөлж байгаа вэ?

Ажилтан, ажил олгогч аль алинаас нь шалтгаалсан байдаг.

Тухайлбал: Ажилтны зүгээс хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрддөггүй,

– хамгаалах хэрэгслийг зохих журмын дагуу хэрэглэдэггүй,

– ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллахгүй байгаа нь осолд өртөх, амь насаараа хохирох шалтгаан болж байгаа бол,

Ажил олгогчийн зүгээс  ажилтныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн, сургалтад хамруулдаггүй,

– мэргэжлийн бус хүмүүсээр ажил үүргийг гүйцэтгүүлдэг,

– Монгол улсын барилгын норм ба дүрэм барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажилладаггүй,

– Аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшингээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төсөвлөж зарцуулдаггүй,

– Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг хэлбэрийн төдий өгч, гарын үсэг зуруулдаг, биелэлтэд тавих хяналт сул байгаа нь осол гарах шалтгаан болсон байна.

-2023 онд хяналт тавьсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Тус дүүргийн прокурорын газраас 2023 онд нийт 91 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 14 хэргийг хааж, 1 хэргийг хэрэгсэхгүй болгож, 13 хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд 63 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Шүүхэд шилжүүлсэн хэргээс 5 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд 8 хэрэг шийдэгдээгүй байна.

Хэрэгсэхгүй болсон 1 хэргийн хувьд:

Шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тухайд болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон 2, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан 3 хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.

Хүний амь нас хохирсон 2 хэргийн хувьд Иргэн Э, Б нар нь барилгын ажил гүйцэтгэж байхдаа баригдаж байгаа барилгын 6 дугаар давхарт өргөх төхөөрөмжөөс унаж, дээрх ослын улмаас Б нь гавал тархи, цээж, нуруу мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барж, харин Э-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг гарсан. Энэ гэмт хэрэгт ажил олгогч буюу компанийн захирал Б гэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль, Өргүүрийн эзэмшигч ашиглагч нь Барилгын өргүүрийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 4.4.2, 4.4.4- биелүүлээгүй буюу өргүүрт мэргэжлийн операторчин ажиллуулаагүй зэрэг хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелээгүй эс үйлдэхүйн улмаас гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож, Шүүхээс ажил олгогч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгож дээрх ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Бас нэг тохиолдол нь амь хохирогч Н нь барилгын ажил гүйцэтгэж байсан 2 давхрын тагтнаас унаж гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины комад орж нас барсан гэмт хэрэгт ажил олгогч буюу бригадын ахлагч Д-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн.

Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан 3 гэмт хэргийн 3 шүүгдэгчид тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжээс 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

-Шүүхээс шийдвэрлэсэн дээрх хэргүүдэд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасаж, торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуульд зааснаар буруутай этгээдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Энэ төрлийн гэмт хэрэг нь бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь болгоомжгүйгээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл хууль, дүрэм, журамд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирох, эсхүл эрүүл мэндэд нь хүндэвтэр болон хүнд хохирол учирдаг.

Эрүүгийн хуулийн 10 дугаар бүлэгт хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргүүдийг, 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг тусгасан.

Тухайлбал Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлд Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодод удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүй учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан байдаг.

-Ер нь ХАБ-ын хэрэгт тухайн барилгын компанийн захирлууд хариуцлага хүлээдэггүй, доогуурх албан тушаалтнууд нь ял шийтгүүлсэн болоод өнгөрч байгаа тохиолдол олон байдаг. Энэ нь тухайн барилгын компанийнхан, ялангуяа мөнгө олж байгаа эзэнд сануулга болдоггүйгээс давтан осол, хэрэг гарах үндэслэл болоод байгаа юм биш биз дээ?

-Энэ ойлголт нь хэт өрөөсгөл ойлголт юм. Учир нь Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа нийт хэргийн 80 орчим хувьд нь захиалагч болон туслан гүйцэтгэгч компанийн эзэн буюу ажил олгогч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Шүүхээр шийдвэрлэсэн 5 хэрэгт нийт 4 компанийн захирлын гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд ХАБ-ыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ААНБ-ын дарга, захирал /эзэн/ шууд хариуцахаар, /ХАБЭА тухай хууль 27.1/ ААНБ-ын хэлтэс, албаны дарга, нэгж тасгийн ахлагч нар өөрийн ажлын байранд тохирсон дүрэм журам боловсруулахад оролцох, үр дүнг тооцох, хяналт тавих, манлайлан ажиллах, аюулыг илрүүлэх арилгах талаар мэдээлэх, ХАБЭА-н ажилтантай хамтран ажиллахаар /ХАБЭА тухай хууль 27.5/, ХАБЭА хариуцсан ажилтнаар инженер, техникийн болон эрүүл ахуйчаар мэргэшсэн хүнийг ажиллуулахаар, /ХАБЭА тухай хууль 27.3.5/, ААНБ-уудад ХАБЭА-н асуудал хариуцсан орон тооны ажилтан, зөвлөл заавал ажиллуулж байхаар /ХАБЭА-н тухай хууль 27.2, Хөдөлмөрийн сайдын А/114 тоот тушаал/ тус тус хуульчилсан нь энэ төрлийн гэмт хэрэгт хэн, хуулиар хүлээсэн ямар үүргээ гүйцэтгээгүйгээс гэмт хэрэг гарч байгааг тогтоох бүрэн боломжтой.

-Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахад танай дүүргийн прокурорын газраас цаашид ямар ажил арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ААН, Ажил олгогчид байгууллагынхаа онцгой нөхцөл байдалд тохирсон дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа мөрддөггүй, ажлын байрны аюулыг илрүүлэх болон арилгах арга хэмжээг тухай бүрд авдаггүй, цаашлаад ажиллагсдыг амь нас, эрүүл мэндэд ноцтой, аюултай ажлын байранд ажиллуулдаг, ажлын тусгай хэрэгслээр хангадаггүй, түүнийг хэрэгжүүлж хэвшүүлээгүй зэргээс үйлдвэрийн осол гарах шалтгаан нөхцөл болж байгаа.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газрын зүгээс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын мэдэгдэл бичих ажлыг нэмэгдүүлэх, мэдэгдлийн мөрөөр авсан арга хэмжээг газар дээр нь шалгах, энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлж зөрчигдсөн эрхийг сэргээх, шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Эцэст нь ажил олгогч, ХАБЭХ хариуцсан инженер, ажилтан нар нь ажлын байранд 1 секунд л анхаарал алдахад хүний амь нас, эрүүл мэнд эрсдэх аюул заналхийлж байдаг онцгой ажлын байр гэдгийг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс маш сайн ойлгож, ухамсарлаасай гэж хүсэж байна.