Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А/466 – Газрын зөрчил арилгаж, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авах тухай

2022 оны 09 сарын 12-ны өдөр                                      Дугаар А466                       Улаанбаатар хот

Газрын зөрчил арилгаж, нүүлгэн шилжүүлэх

арга хэмжээ авах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.1, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.2, Эрүүл ахуйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.6, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай” 34 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто болон явган хүний замыг хааж, зохих зөвшөөрөлгүй байршуулсан түргэн үйлчилгээний цэг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаатай холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нүүлгэн шилжүүлсүгэй.
  2. Зөөврийн байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулж ажиллахыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба (Б.Батчимэг)-нд, уг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулан ажиллахыг дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т, Цагдаагийн газар (Хурандаа Т.Дамбийням)-т, Замын цагдаагийн хэлтэс (Дэд хурандаа С.Галбадрах)-т, хороодын Засаг дарга нар-т тус тус даалгасугай.
  3. Нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд холбогдох хууль, дүрэм журмыг танилцуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс (Л.Саруултуяа)-т, гарсан зардлыг эргэн гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, улсын орлого болгохыг Хууль эрх зүй, архивын хэлтэс (Ч.Байгаль)-т тус тус үүрэг болгосугай.
  5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын орлогч (С.Сайнбаяр)-д үүрэг болгосугай.

                                              ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР

                                                ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ, ЗАСАГ ДАРГЫН

                                               ОРЛОГЧ                                                  Б.ЦЭРЭН