Хан-Уул
Тогтоол захирамж

 Дугаар А211 – Ажлын хэсэг байгуулах тухай

2022 оны 04 сарын 01-ны өдөр                          Дугаар А211                                Улаанбаатар хот

Ажлын хэсэг байгуулах тухай

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 24/17 дугаар тогтоол, “Барилга, замын ажлыг гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2021 оны А/49 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Дүүргийн хэмжээнд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэгдсэн хяналт, шалгалт явуулж барилгын түр хашааны стандарт шаардлагыг хангуулж, илэрсэн зөрчлийг арилгах үүрэг бүхий дэд ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, ажлын удирдамжийг хоёрдугаар хавсралтаар, шаардагдах зардлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
  2. Дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хотын стандарт, норм, дүрэм, журмыг мөрдүүлэх хяналтын үйл ажиллагааг сайжруулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсыг стандартын шаардлагад нийцүүлэх, барилгын норм, дүрэм, журмын дагуу барилга байгууламж барих, өргөтгөх, шинэчлэх засварын ажил хийх үед орчны аюулгүй байдлыг хангах, барилгын түр хашааны стандартын хэрэгжилтийг хангах, цахилгаан, дулаан, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, худгийн түвшин, ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, барилга угсралт болон газар ашиглалтын үйл ажиллагаатай холбоотой зөрчлийг арилгуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг ажлын хэсэг (С.Сайнбаяр)-т үүрэг болгосугай.
  3. Хяналт, шалгалтын ажилд шаардагдах 6.530.000 (Зургаан сая таван зуун гучин мянга) төгрөгийг Засаг даргын Тамгын газрын Бараа үйлчилгээний бусад зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар (С.Энхбаяр)-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс (М.Цогзолмаа)-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын явц, үр дүнг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж, ажиллахыг ажлын хэсэг (С.Сайнбаяр)-т үүрэг болгосугай.

ЗАСАГ ДАРГА                                   Ж.АЛДАРЖАВХЛАН