Хан-Уул
Мэдээлэл

“НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ”-ЭЭР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 67 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ШАЛГАРЛАА

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн боловсролын газраас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 378 жилийн ойн босгон дээр  сургууль, цэцэрлэгийн бие даасан байдлыг хөгжүүлж, багш, сурагчдын ая тухтай ажиллах, суралцах орчин нөхцөлийг бүрдүүлэн, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаа “ШИЛДЭГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ”-үүдээ шалгаруулан урамшууллаа.

“Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ын шалгуурыг хангаж, О.Мөнхцэцэг эрхлэгчтэй Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэг “Нийслэлийн шилдэг цэцэрлэг”-ээр шалгарав.

Тус цэцэрлэгийн захиргаанаас  багшийгаа ажлын байранд нь хөгжүүлэх зорилгоор БМДИ, НБГ, МУБИС-СӨБС, Удирдлагын академи зэрэг байгууллагуудтай хамтран “Байгаль нийгмийн орчин заах арга зүй”,  “Хөгжөөн баясгах ажлыг удирдан зохион байгуулах нь”, “Хүүхэд бүрийг хөгжүүлэх нь”, “Найрал дуу заах арга зүй”, “Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх арга зүй”, “Хувь хүний хөгжил, “Байгууллагын соёл”, “Амьдралын технологи”, “Багшийн ёс зүй”  сэдэвт  сургалтыг үе шаттай зохион байгуулсан байна.

Бага насны хүүхдийн хэл яриаг ардын аман зохиолоор дамжуулан хөгжүүлэх зорилгыг эрхэм болгон  хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг сараар төлөвлөн өдөр тутмын боловсруулалтыг хийж ажилладаг ба “Номын өргөө” байгуулж,  “Ардын аман зохиолоос…” сэдэвт  үйл ажиллагааг  тогтмолжуулан ажиллаж байна.

“Нийслэлийн шилдэг цэцэрлэг”-ээр шалгарсан О.Мөнхцэцэг эрхлэгчтэй Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгийн хамт олондоо ажлын амжилт хүсье.