Хан-Уул
Мэдээлэл

УИХ-ЫН ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, НИТХ-ын Тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, ТОСК-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүй болон Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан тушаалтнууд өнөөдөр /2017.11.01/ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32,35 дугаар байр болон 9 дүгээр хороонд байрлах “Нарлаг буянт –Ухаа” төслийн ажилтай газар дээр нь танилцаж, иргэдтэй уулзалт хийлээ.

10 дугаар хороонд байрлах 32,35 дугаар байранд 95 өрхийн 500 гаруй иргэд амьдардаг бөгөөд дахин төлөвлөлтийн асуудлаар тус Өргөдлийн байнгын хорооны гишүүдэд удаа дараа хүсэлт ирүүлсэн.Тус байр нь ашиглалтын шаардлага хангахгүй, мөөгөнцөртсөн, газар хөдлөлтөд тэсвэргүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт 2014 онд гарсан. Ашиглалтад орсноосоо хойш засвар үйлчилгээ хийгдээгүй энэ байр бага зэрэг бороо ороход л дээврээс нь ус гоожиж, салхи шуурганд дээвэр, хана нь нурах шахдаг хэмээн оршин суугчид хэлсэн юм. Мөн өнгөрсөн хавар Нийслэлийн Засаг дарга холбогдох албаны хүмүүсийн хамт нөхцөл байдалтай танилцаж нэн яаралтай шийдэж өгөхийг үүрэгдсэн. Харамсалтай нь дахин төлөвлөлтийн асуудал тодорхой шийдэлд хүрэхгүй байгаа явдалд иргэд гомдолтой буйгаа хэллээ.

Энэ асуудлаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын албаныхан 32, 35 дугаар байрны хувьд 3 удаа тендер зарласан ч компаниудын санал орж ирэхгүй байна. Тендер дээр аж ахуйн нэгж ороод ирвэл иргэдэд хүндрэл учруулалгүй байрыг байраар солих маягаар асуудлыг шийдэх талаар ярилцаж байгаа гэв.

Харин УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан болон дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар энэ ажлыг эрчимжүүлж, иргэдийг ая тухтай аюулгүй нөхцөл байдалд амьдрах нөхцөлийг шийдвэрлэж өгөхийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт уламжиллаа.

Өргөдлийн байнгын хорооны даргаар томилогдоод удаагүй байгаа УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нэн тэргүүнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны 32,35 дугаар байрыг сонгож, иргэдийн амьдарч буй бодит нөхцөл байдалтай танилцсанд иргэд талархаж буйгаа илэрхийллээ. Өргөдлтийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Өргөдлийн байнгын хорооноос энэ хоёр байрны оршин суугчдын тавьж буй хүсэлтийг яаралтай шийдвэрлэхтэй холбогдуулан тогтоол гаргана. Ойрын хугацаанд энэ асуудлаар Байнгын хорооноос өргөтгөсөн бүрэлдэхүүнээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулна. Ингэснээр гарц шийдлийг тодорхой болгоё” гэлээ.