Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ХОГОО АНГИЛЖ, ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛНА

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран хогоо ангилж, эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийг хэрэгжүүлээд байна. Нийслэлийн хог хаягдлын менежмент, бодлогын хүрээнд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах үйл ажиллагааг сайжруулах зорилгоор орон сууц, аж ахуй нэгж байгууллагуудад хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж, ялгах үйл ажиллагааг хэвшүүлэх туршилтын төсөл юм.

Сонгогдсон Хан-Уул дүүргийн 1,2,3 дугаар хорооны айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дунд хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгаж, хэвшүүлэх ажлыг туршилт маягаар эхлүүлнэ. Энэ ажлын эхлэл болгож, гадна дотны судалгааг ч нэлээд хийсэн бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ч багагүй судалгааг авсан билээ. Судалгааны дүнд иргэдийн 90 орчим хувь нь хогоо ангилан ялгах, дахин боловсруулах ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

Дүүргийн нэг өрхөөс гарч буй хогийг ангилж үзвэл дийлэнх нь хувь нь хүнсний ногооны хог хаягдал, сүү, жүүсний тетрапак хайрцаг эзэлж байгааг судалгааны багийнхан дүгнэсэн байна. Харамсалтай нь тетрапак хайрцаг нь дахин боловсруулагдах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй хог хаягдалд тооцогддог байна. Харин эдийн засгийн эргэлтэд оруулж болох, тэндээс мөнгө босгож, баялаг бүтээж болох хог хаягдал нь хуванцар сав, архи пивоны шил, цаас байна. Эхний байдлаар иргэдийг хогоо хэрхэн ангилах талаар сургалт зохион байгуулна. Мөн хогийн цэгт дөрвөн өнгийн хогийн савыг байрлуулж, хог тус бүрийг тусгай хуваарийн дагуу ачиж байх юм.

Төслийн хүрээнд хог хаягдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Үүнд:

·         Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд сургалт сурталчилгаа зохион байгуулах

·         Хог хаягдлын хууль дүрэм, журмын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийг иргэдэд өгөх

·         Өдөр тутам удирдан хэрэгжүүлэх, хяналт тавих, талуудад мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх

·         Хог хаягдлыг эх үүсвэр дээр ангилан ялгаж хэвшүүлэхэд талуудын үүрэг, оролцоо ямар байхыг тодорхойлох зэрэг ажлыг эхний байдлаар төлөвлөөд байна.

Энэ ажлын үр дүн  2017 оны 12 дугаар сарын сүүл гэхэд туршилтын төслийг үнэлэн дүгнэж хог ангилан ялгалтын талаарх жишиг загварыг тодорхойлох юм. Хан-Уул дүүргээс анхлан хэрэгжиж эхлэх уг төсөл амжилттай хэрэгжвэл 2018 оноос эхлэн нийслэлчүүд хогоо ангилж, эдийн засгийн эргэлтэнд оруулдаг дэлхийн улс орны нэг болох нь. Уг төслийн талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар /2017.11.01/ өдөр хуралдаж хөтөлбөрөө гаргалаа. Ирэх долоо хоногоос хэрэгжиж эхлэх юм.