Хан-Уул
Мэдээлэл

“ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАХ” АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтын хүрээнд “Хоггүй Хан-Уул”, “Хоггүй хороо” аянуудыг амжилттай хэрэгжүүлж, бодитой үр дүнд хүрээд буй.
Дээрх зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх” аяны нээлт өнөөдөр дүүргийн Соёлын ордонд боллоо.

Аяны нээлтэнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Ц.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан, Эрүүл Нийгмийн Бодлогын Хүрээлэн ТББ , Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТТБ-ынхан, дүүргийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар бусад албаны хүмүүс оролцлоо.
Тус аяны зорилго хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах үйл ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд цаашлаад хогоо дахин боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийг хэрэгжүүлэх юм.
Энэ ажлын эхлэл болгож, гадна дотны судалгааг нэлээд хийсэн бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас ч багагүй судалгааг авсан билээ. Судалгааны дүнд иргэдийн 90 орчим хувь нь хогоо ангилан ялгах, дахин боловсруулах ажлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм.
Энэхүү аяныг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх харьяа хэлтэс ,албад ,төрийн өмчийн сургууль цэцэрлэгүүд, дүүргийн хороод эхний байдлаар хэрэгжүүлж ажиллана. Тус аяныг дэмжиж Эрүүл Нийгмийн Бодлогын Хүрээлэн ТББ , Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТТБ-тай  хамтран ажиллах юм.
Аяны хүрээнд хог хаягдлын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд хог ангилан ялгалтын талаарх жишиг загварыг тодорхойлох. Эхний байдлаар хогийн цэгт дөрвөн өнгийн хогийн савыг байрлуулж, хог тус бүрийг тусгай хуваарийн дагуу ачиж тээвэрлэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн байна.
Хан-Уул дүүргээс анхлан хэрэгжиж эхлэх уг төсөл амжилттай хэрэгжвэл 2018 оноос эхлэн нийслэлчүүд хогоо ангилж, эдийн засгийн эргэлтэнд оруулдаг улс орны нэг болох юм.