Хан-Уул
Мэдээлэл

“ҮНДЭСНИЙ ХУВЦСААРАА ГОЁЦГООЁ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр”-ийн арга хэмжээг 2017 оны 12 дугаар сарын 29-ны өдөр орон даяар зохион байгуулахтай холбогдуулан  ерөнхий боловсролын сургуулиуд  “Үндэсний хувцсаараа гоёцгооё” арга хэмжээг 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулж байна.

Энэхүү үйл ажиллагга дүүргийн хэмжээний төрийн ба төрийн бус өмчийн 34 сургуулийн 28057 суралцагч, 1800 багш идэвхтэй оролцож, монгол үндэсний хувцсаараа гоёж, түүх соёлоосоо суралцаж байна.

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамгатөрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ.

Соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-н 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-г нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм.