Хан-Уул
Мэдээлэл

ПРОКУРОРЫН ГАЗАР, ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСҮҮДТЭЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн прокурорын газраас 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр тус дүүрэг дэх Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсүүдтэй хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөн дээр дүүргийн прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, Шүүхэд төрийг төлөөлөх чиглэлээр 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар”, мөн Цагдаагийн хэлтсүүдээс “дүүргийн хэмжээн дэх эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ, үр дүн, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарч буй алдаа зөрчлүүд болон анхаарах асуудлын талаар” тус тус мэдээлэл хийлээ.
Мөн шинэчлэн батлагдсан хуулиудыг практикт хэрэгжүүлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, шийдвэрлэх арга замыг тодорхойллоо.
Хамтарсан зөвлөгөөнөөс “2018 оныг дүүргийн хэмжээнд хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх жил” болгон зарлаж, уг ажлын хүрээнд тодорхой ажлуудыг шат дараалсан байдлаар хамтран авч хэрэгжүүлэх, тухайлбал өмнө оны үлдэгдэл мөрдөн байцаалтын хэргүүдийг 1 дүгээр улиралдаа багтаан шийдвэрлэх, мөн оны эхний хагас жилд хэрэг бүртгэлтэнд шалгагдаж буй хэргүүдэд гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шуурхай олж тогтоон, мөрдөн байцаалтанд шилжүүлж, эцэслэн шийдвэрлэх талаар шийдвэр гаргалаа.
Түүнчлэн дүүргийн ерөнхий прокурор Ж.Ариунаа энэ онд Прокурорын байгууллагаас дэвшүүлсэн зорилго, зорилтуудын хүрээнд шинэчлэн батлагдсан хуулиуд, тэдгээрт нийцүүлэн гаргасан заавар, журмуудыг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлж, хэргийг тал бүрээс бүрэн шуурхай шалгаж, бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байхад анхаарч, тодорхой үр дүн гаргаж ажиллах талаар мөрдөгч, прокуроруудад үүрэг, даалгаварыг өгсөн үйл ажиллагаа болж өнгөрлөө.