Хан-Уул
Мэдээлэл

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 97 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол цэргийн музейтэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр “ХҮННҮ МОЛЛ”  худалдаа, үйлчилгээний төвд “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээг зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн үйл ажиллагааны зорилго нь Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтан Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн.

Үйл ажиллагааг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд албан ёсоор нээлээ. Тэрбээр “Хүчирхэг Хүннү гүрний үеэс хөх Монголоо хамгаалж ирсэн дайчин баатарлаг домог түүхтэй “Монгол цэргийн өдөр”-ийн баярын гал цогтой мэндийг нийт иргэд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, ахмад дайчид, цэргийн үүрэгтэн Та бүхэндээ хүргэе. Бидний өвөг дээдэс эх орныхоо газар шороо, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардынхаа амгалан тайван амьдралын төлөө алд биеийнхээ алжаалыг умартан тэмцэж ирсэн.

Монголчууд бид ариун гал голомтоо сахин хамгаалагч, ард түмнийхээ өмөг түшиг цэрэг эрсээ хүндлэн дээдэлдэг нандин уламжлалтай билээ. Өнөөдөр эгэл жирийн монгол эрс эх ороноо үнэнчээр батлан хамгаалахын зэрэгцээ тив ертөнцийн энхийн төлөөх ариун үйлсэд оролцон дэлхийн халуун цэгт алдар суугаа мандуулж явна. Энэ бол монгол цэргийн дайчин уламжлалын илэрхийлэл, Монголын ард түмний бахархал, монгол цэргийн дэлхийн цэрэг болсны тод жишээ юм.

Батлан хамгаалах бодлого бол улс орны үндэсний аюулгүй байдлын баталгаа нь байдаг. Иймээс дүүргийн нутгийн захиргааны байгууллагаас Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 001,120, 303, 326 дугаар анги байгууллагатай нягт хамтран ажиллаж, залуусаа эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэх, батлан хамгаалах салбарын хуулийг иргэддээ суртчлах, энх цагийн бүтээн байгуулалтад эр цэргүүдийнхээ үүрэг оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг тогтмол хийж ирсэн.

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабаас батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг суртчилах, ахмад дайчдыг алдаршуулах, хүүхэд залуучуудад эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх, Зэвсэгт хүчний түүхэн хөгжлийг сурталчлах зэрэг олон хэлбэрийн ажлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Бүрэн эрхт туурга тусгаар улсынхаа цэрэг, армийн өнгө төрийг илэрхийлж яваа батлан хамгаалах салбарынхандаа амжилт бүтээлийн дээдийг дахин хүсэн ерөөе.

Эрхэм хүндэт иргэд ээ, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 97 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээ нээснийг мэдэгдье” хэмээлээ.

Мөн 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчин Х.Галжав болон 6 эрэгтэй хүүхэд төрүүлж өсгөн бүгд цэргийн алба хаасан Хан-Уул дүүргийн харьяат алдарт эх Ж.Хандсүрэн нарыг алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ. Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэхи санаачлагатай хамтран ажиллаж байгаа Зэвсэгт хүчний анги байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчдад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг даргын шагналыг гардууллаа.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 18 нас хүрсэн 3 иргэнд “Цэргийн үүрэгтний үнэмлэх” гардуулж, “Монгол цэргийн алдар” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд шалгарсан сурагчдыг тус тус шагнаж урамшууллаа. Өдөрлөгийн үеэр Монгол цэргийн музейгээс гаргасан “Түүх өгүүлсэн он жилүүд” үзэсгэлэнг дэлгэн иргэдэд тайлбартайгаар үзүүлж, Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгууллаа.

Үргэлжлүүлэн Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой баримтат киног иргэдэд үзүүлж сонирхуулан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон дуу, хөгжмийн хамтлагийн ая дууны мэндчилгээ өргөн барьсан сайхан арга хэмжээ болж өнгөрлөө.