Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 2018 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг.Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулдаг уламжлалтай.

Нийслэлийн хэмжээнд 2018 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг 2018 оны 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Өнөөдөр Хан-Уул дүүргийн хэмжээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/301 дүгээр захирамжаар цэрэг татлагын үйл ажиллагаа Ерөнхий боловсролын 34-р сургууль дээр 9:00 цагаас эхэллээ.

Арга хэмжээг нээж Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар цэргийн эрдэмд суралцаж, бие бялдарын өв тэгш хөгжилтэй, хатуужил тэвчээртэй иргэн болгон хүмүүжүүлдэг сайхан алба. Иймд иргэн хүнийхээ үүргийг хүлээн цэргийн албаа нэр төртэй хаагаад ирэхийг нийт цэргийн насны залуучууддаа хүсэн ерөөе” хэмээлээ.


Цэрэг татлагын арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд, Засаг даргын Зөвлөх Ч.Бат-Оргил, дүүргийн Цэргийн штабын дарга /хурандаа/ А.Баттулга,  Хууль эрх зүй, архивын тасгийн дарга Ч.Байгаль, хороодын Засаг дарга нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Дүүргийн хэмжээнд нийт цэргийн алба хаах 18-22 насны эрүүл мэндийн үзлэгээр тэнцсэн бүх иргэд цэрэгт явах юм. Хан-Уул дүүргийн цэрэг татлага нь олон улсын шаардлага, орчин нөхцөлийг хангасан бүх талбайг камержуулсан, богино холбооны хэрэгслээр иж бүрэн тоноглосон, иргэдэд төрийн үйлчилгээг үзүүлэх байраар хангаж ажиллаж байна. Цэргийн жинхэнэ албанд татагдаж байгаа иргэдийн хувьд ирц өндөр хувьтай байна. Төрийн албанд орохын тулд иргэд өөрсдийн хүсэлтээр оюутан байх хугацаандаа цэргийн алба хаах тохиолдол их болсон байна.

Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Цэргийн насны залуучуудын Эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх сэдэвт болзолт уралдааныг 2018 оны 02 дугаар сараас эхэлж амжилттай зохион байгуулсан.
Тус болзолт уралдаанд дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн ЭМТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын дунд зарлаж, үр дүнгээ өглөө. Тухайлбал Цэргийн алба хаах насны залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд Хан-Уул дүүргийн цэргийн насны залуучууд эрүүл мэндийн улмаас чөлөөлөгдөж байгаа нь ховор байна.

Энэ жилийн цэрэг татлагын онцлог нь шинэчлэн батлагдсан цэргийн албаны тухай хуулинд ээлжит цэрэг татлагаас оюутныг түр чөлөөлөх заалт байхгүй тул зарлан дуудах мэдэгдэл авсан их, дээд сургуулийн оюутан цэрэг татлагаар орно.
Хан-Уул дүүргийн цэрэг татлага 2018 оны 10 дугаар сарын 19-21-ийг хүртэл 34 дүгээр дунд сургууль дээр үргэлжлэн явагдана.