Хан-Уул
Тогтоол захирамж

Дугаар А/443 Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2021 оны 08 сарын 27-ны өдөр                                                                               Улаанбаатар хот

 

      Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт

өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх

зарим арга хэмжээний тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7.1, 11 дүгээр зүйлийн 11.1.9 дэх заалт, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны А/193 дугаар тушаал, Сангийн сайдын 2021 оны 61 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/620 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 13 дугаар хорооны Таван толгойн гүүрний орчимд зөөврийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо, 14 дүгээр хорооны Өлзийтийн Авто тээврийн шалган бүртгэх товчоог түшиглэн 24 цагаар хяналтын үзлэг, тандалт хийж холбогдох арга хэмжээг авч ажиллуулсугай.
  2. Хяналт шалгалтын постод үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг удирдлагаар хангахыг дүүрэг дэх Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа Т.Дамбийням)-т, Мэргэжлийн хяналтын хэлтэс (Б.Бат-Эрдэнэ)-т, Эрүүл мэндийн төв (Э.Бодьцэцэг)-д, Мал эмнэлгийн тасаг (С.Эрдэнэдалай)-т, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэс (хурандаа Д.Бат-Эрдэнэ)-т тус тус үүрэг болгосугай.
  3. Хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг гүйцэтгэлээр Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Энхбаяр/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.
  4. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч /Б.Цэрэн/-д даалгасугай.

 

ЗАСАГ ДАРГА                                     Ж.АЛДАРЖАВХЛАН